Талибанчууд холын замд эмэгтэйчүүдийг ганцаар аялахыг хориглов

Холын замд гарах эмэгтэйчүүд зөвхөн ойр төрлийн эрэгтэй хүнтэй хамт явсан тохиолдолд унаанд суух эрхтэйг Талибаны засгийн газар Ням гарагт зарлажээ.

Исламын шашны хатуу чиг шугамыг баримтлагч Талибан хөдөлгөөн энэ оны наймдугаар сарын дундуур Афганистаны засгийн эрхийг авснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах хэд хэдэн арга хэмжээ аваад байгаагийн сүүлийнх нь энэ юм.

Өнгөрсөн хугацаанд ихэнх дунд сургуулиуд охидыг хүлээж авахаа больсон бол мөн ихэнх эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болоод байна.

Талибаны засгийн газрын ёс суртахууныг хамгаалах яамны шийдвэрээр эмэгтэйчүүд 72 км-ээс хол замд гарах бол ойр төрлийн эрэгтэй хүнийг заавал дагуулах ёстой болжээ.

Такси, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар эрэгтэй хүн дагуулаагүй эмэгтэйд үйлчлэхээс татгалзах ёстой гэнэ. Бас шашны өмсгөл өмсөж, толгой, нүүрээ халхлаагүй бол үйлчлэхгүй болжээ.

Мөн Талибанчууд саяхнаас автомашинд хөгжим тоглуулахыг хориглох болсон юм.

Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан шийдвэрүүдээ түр хугацааных, аюулгүй байдлыг хангасныхаа дараа өөрчилнө гэж амлаж байгаа.

Өнгөрсөн сард Талибанчууд телевизийн кинонд эмэгтэй хүн дүр бүтээхийг хориглож, эмэгтэй сэтгүүлч хөтлөгчдөд толгойгоо битүүлэх шаардлага тавьж байв.

Олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд Афганистанд санхүүгийн тусламж үзүүлэхээсээ өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах шаардлагыг тавьж байгаа. Тус улсад одоо эдийн засгийн гүнзгий хямрал нүүрлэж, ажилгүйдэл, өлсгөлөн газар аваад байна.

Эх сурвалж: BBC

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.