Лениний шарилыг бунхнаас шилжүүлэх төлөвлөгөө байхгүйг Кремлийн төлөөлөгч мэдэгджээ

Оросын олон нийтийн дунд Большевик хувьсгалын удирдагч Владимир Лениний занданшуулсан шарилыг цаашид яах талаар маргаан байнга яригддаг.

Ялангуяа Зөвлөлт Холбоот Улс задарсны 30 жилийн ойн үеэр энэ сэдэв илүү нухацтай хөндөгдөж байна. Өнгөрсөн Бямба гарагт уг түүхт ойн өдөр тохиосон юм.

Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар ямар нэг төлөвлөгөө байхгүйг өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Нэг сэтгүүлч Лениний нас барсны 100 жилийн ойн үеэр буюу 2024 онд ямар нэг арга хэмжээ авах талаар төлөвлөж буй эсэхийг түүнээс асуусан юм.

“Энэ талаар ямар нэг төлөвлөгөө байхгүй байгаа. Одоохондоо бидэнд шийдлээ хүлээсэн илүү чухал асуудлууд олон байна” гэж Песков үүнд хариулжээ.

1930 онд Лениний бунхныг Кремлийн ханын дэргэд, Улаан талбайд шинээр нээсэн нь олон улсын жуулчдын чухал үзмэр болсон юм.

Өнгөрсөн сард Оросын үнэн алдартны сүм хийдийн гадаад харилцааны тэргүүн хэзээ нэг цагт Оросын олон нийт зөвшилцөлд хүрвэл Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулах хэрэгтэйг хэлж байжээ.

Өнгөрсөн онд явуулсан санал асуулгад оролцогсдын 40 хувь нь Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулах ёстой гэсэн бол 22 хувь нь хэвээр үлдээхийг дэмжиж байсан юм.

Энэхүү санал асуулгын өмнөхөн Оросын үндсэрхэг үзэлтэй улс төрчдийн нэг Владимир Жириновский хувьсгалын удирдагчийн шарилыг Хятад, Вьетнам зэрэг коммунист улсуудад зарах санаа гаргаж байжээ.

Лениний бунхан, Кремлийн ордон, Улаан талбайн цогцолбор хамтдаа 1990 онд Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдэж байв.

Эх сурвалж: Russia Today

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.